ДОТООД ЖУРАМ-2019

Admin 2019.06.24

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

 АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг  үндэслэл

 

2019 оны 06 сарын 24

 Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба /цаашид “алба” гэх/-ны хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Монгол улсын Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч албан хаагчид, ажилтнууд болон ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулах, албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, албаны үйл ажиллагааны зорилт болон албан тушаалын тодорхойлолтын дагуу ажиллах нөхцөл баталгаагаар хангах, хөдөлмөрийн нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

Хөдөлмөрийн дотоод журмын эрх зүйн үндэс нь Монгол Улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ба тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам байна.

Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд энэхүү журмын хэрэгжилтэнд талууд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд зохих хяналт тавьж ажиллана.

Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ажил олгогч /түүний төлөөлөгч/ болон албан хаагчид /түүний төлөөлөгчид/ тодорхой, бодит үндэслэлд тулгуурлан гаргах эрхтэй.

 Алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дүүргийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, мэргэжил арга зүй, бодлогын удирдамжаар хангах, дотоод хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гаргах, зохион байгуулалтын талаар бодлого боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Алба нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврыг мөрдөж ажиллана. Албаны тамгыг албаны ахлах мэргэжилтэн түшинэ.

 Алба нь эрхэлсэн ажлын онцлогыг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

Албаны нийт албан хаагчид төрийн албаны зарчмаас /ТАТХ-ийн 7/ гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай шуурхай хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт 

 

2.1. Албаны дарга нь дотоод журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах асуудлаар Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.1.1 Албаны дарга нь албыг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүлээсэн үүрэг, чиглэлийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүн, хэрэгжилтийг дээд




 шатны удирдлагын өмнө хариуцна. Албаны даргын эзгүйд ахлах мэргэжилтэн албаны үйл ажиллагааг хариуцна.

2.1.2 Монгол улсын хууль тогтоомж болон, албанд мөрдөгдөж буй дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд  албаны дарга болон ахлах мэргэжилтэн нар хяналт 1          

 тавьж ажиллана.

2.1.3 Албан хаагчдын гүйцэтгэх үүргийг Албан тушаалын тодорхойлолтод заана. Албан тушаалын тодорхойлолтыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн баталсан загвар, зааврын дагуу албаны удирдлага боловсруулж, албаны даргын тушаалаар баталгаажуулна. 

2.1.4 Албан хаагчдын мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, мэргэшлийн түвшин, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоох зорилгоор ажлын гүйцэтгэлийг үнэлнэ. Энэхүү үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

2.1.5 Алба нь эрхэм зорилго, зорилт түүнийг хэрэгжүүлэх алс хэтийн, дунд хугацааны болон жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд үйл ажиллагааны үр дүн гүйцэтгэлийг тэдгээртэй уялдуулан дүгнэнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамт олны саналыг тусган хэлэлцүүлж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор боловсруулж баталгаажуулан, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

2.1.6 Албаны удирдлага нь төлөвлөгөөний биелэлтэнд тогтмол хяналт тавьж, албан хаагчдын ажлын төлөвлөгөө гүйцэтгэлд улирал, жил тутамд үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.


Гурав. Алба, ажилтны  эрх, үүрэг

 

         3.1 Албан хаагчдын хүлээх үүрэг:

3.1.1. Өргөсөн тангараг, хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу төрийн албан ажилд болон өөрийн ажлын чиг үүрэг, үйл ажиллагаанд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина;

3.1.2. Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана;

3.1.3. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг чанд баримтлан, үр бүтээлтэй бүрэн ашиглана;

3.1.4. Албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, архивийн нэгж үүсгэж, архивт хугацаанд нь шилжүүлж байна;

3.1.5. Эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгана;

3.1.6. Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас сэргийлэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ;

3.1.7. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхийг эрс цээрлэхийн хамт бусадтай чанга дуугаар маргалдах, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байна;

3.1.8. Албан тасалгаандаа удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан бус хэргээр гадны хүн оруулах, байлгах, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно;

3.1.9. Албаны өмч, эд хогшил, техник хэрэгсэл,материалыг шаардлагын хэмжээнд, зүй зохистой ашиглаж, ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллана. Хэрэв өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө;

3.1.10. Ажлын байранд албан бус зориулалтын, ажилтанд зохимжгүй эсвэл бохир хувцастай ирэхийг цээрлэж, ажилдаа ирэх, үдэд завсарлах болон ажлын өдөр дуусахад өөрийн биеэр цаг бүртгэх аппаратанд хурууны хээгээр цагаа бүртгүүлж байна. Албан хаагч бүр төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн цэвэрхэн, төлөв түвшин харагдахуйц албан маягаар хувцаслана. Ажлын байранд этгээд сонин хэв маяг, чөлөөт загвараар хувцаслахыг хориглоно;

3.1.11. Жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, албаны даргаар батлуулж ажиллана;

         3.1.12 Албаны нэр хүнд, үйл ажиллагаанд аливаа байдлаар сөргөөр нөлөөлөх ташаа мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байх

         3.1.13 Холбогдох хууль болон ХААА-нд мөрдөгдөж буй дүрэм, журам, гэрээ контракт, түүнтэй адилтгах бусад гэрээнд заасан үүргийг биелүүлэх


   3.2 Албан хаагчдын эдлэх эрх:

         3.2.1 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгсэлээр хангуулах, дотоод, гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах

         3.2.2  Өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэх,

        3.2.3  Албан ажлынхаа зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж болно

                  3.2.4  Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламжаар хангагдана

         3.2.5 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулах

         3.2.6  Хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу тэтгэмж, тусламж авах

         3.2.7 Хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу ээлжийн болон нэмэгдэл амралт, чөлөө авах

 3.2.8 Холбогдох хууль болон ХААА-нд мөрдөгдөж буй дүрэм, журам, гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах бусад гэрээнд заасан бусад эрх


         3.3. Алба /Ажил олгогч/ дараах үүрэг хүлээнэ:

                 3.3.1 Хууль тогтоомж, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн ХААА-ны хэмжээнд мөрдөгдөх журам, албан тушаалын тодорхойлолт боловсруулах, батлах

          3.3.2 Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээ мэдээлэл, ажиллах таатай орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангах

          3.3.3 Ажлын цаг ашиглалтанд хяналт тавих, мөрдөгдөж буй хууль журмын дагуу цалин хөлс, урамшуулал, шагнал, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох

          3.3.4 Албан хаагчдын өргөдөл, гомдол, хүсэлтийг албан хэрэг хөтлөх журамд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэх

          3.3.5 Албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалтанд хамруулах боломжийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

           3.3.6 Гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, ажил болон хариуцаж байсан эд хөрөнгийг хүлээн авах, эцсийн тооцоо хийх

           3.3.7 Алба, хамт олны эрх ашигт сөрөгөөр нөлөөлөх аливаа үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх

           3.3.8 Холбогдох хууль болон ХААА-нд мөрдөгдөж буй дүрэм, журам, гэрээ контракт, түүнтэй адилтгах бусад гэрээнд заасан үүргийг биелүүлэх


3.4. Алба /Ажил олгогч/ дараах эрх эдэлнэ:

3.4.1 Албан хаагчдаас хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх болон, ХААА-нд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллахыг шаардах, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх

3.4.2 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журамд заасан үндэслэлээр иргэнийг ажилд авах, албан тушаалд ажиллуулах, хөдөлмөрийн болон гүйцэтгэлийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, гэрээг цуцлах болон дуусгавар болгох.

3.4.3 Албан хаагчдыг зохих журмын дагуу шагнаж урамшуулах

3.4.4 Албан хаагчийн хүсэлтээр 1-3 сарын цалин хөлсийг урьдчилж олгох

3.4.5 Албаны эд хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, журам, зааврын дагуу хэрэглэхийг шаардах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг төлүүлэх

3.4.6 Холбогдох хууль болон ХААА-нд мөрдөгдөж буй дүрэм, журам, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах бусад гэрээнд заасан бусад эрх


Дөрөв. Ажилд томилох, гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх

        

4.1 Албаны дарга төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дах хэсэгт заасны дагуу томилно. Шаардлагатай гэж үзвэл ажилд авах албан хаагчаас тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан ур чадварын болон комьпютер, хэлний мэдлэгээр шалгалт авч болно.

4.2 Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид 6 сараас 1 жил хүртэл   туршилтын хугацаа тогтоож болно. Туршилтын хугацаанд гүйцэтгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан албан хаагчийг төрийн албаны тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгох бөгөөд мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг тухайн албан тушаалаас чөлөөлнө.

4.3 Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон ажилтан туршилтын хугацаа дуусмагц төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөнө.

4.4 Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллуулах иргэнийг ахлах мэргэжилтэн судлаж, албаны даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.5 Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд орох шаардлага хангасан иргэн Төрийн албаны тухай хуулийн дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

4.5.1 Төрийн албан хаагчийн анкет;

4.5.2 Боловсрол, мэргэжлийн гэрчлэх баримт, диплом, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.5.3 Иргэний үнэмлэхний хуулбар; 

4.5.4 Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

4.5.5 Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал(төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);

4.5.6 Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;

4.5.7 Хувийн өргөдөл;

4.5.8 Цээж зураг 4 хувь(3x4).

4.6 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Худалдан авах ажиллагааны албанаас судлан танилцсаны үндсэн дээр албаны даргын тушаалаар томилж чөлөөлнө. Алба нь төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг танилцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай, эсхүл хугацаагүй гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулахыг хориглоно. Гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.7 Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

4.8 Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тусгана:

               4.8.1 Ажлын байрны буюу албан тушаалын нэр;

               4.8.2 Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

4.8.3 Үндсэн цалин буюу албан тушаалын цалин, нэмэгдэл,      

         урамшууллын хэмжээ;

               4.8.4 Хөдөлмөрийн нөхцөл;

               4.8.5 Ажлын цаг;

               4.8.6 Гэрээний хугацаа.

4.9 Албаны дарга шинээр томилогдсон ажилтанд хөдөлмөрийн дотоод журам, албаны үйл ажиллагаанд холбогдолтой хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээний журам, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулна.

4.10 Гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд дараах бичиг баримтын нэг хувийг өгнө:

             4.10.1 Ажилд авах тухай албаны даргын тушаал

             4.10.2 Тухайн иргэнтэй байгуулсан гэрээний нэг хувь

             4.10.3 Албан тушаалын тодорхойлолт

             4.10.4 Эд хөрөнгийн карт

             4.10.5 Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна.

4.11 Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож Төрийн албаны тухай хуулийн 44.2 дах хэсэгт заасны дагуу хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно.

4.12 Шаардлагатай тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 43.3.3 дах хэсэгт заасны дагуу эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.  

4.13 Гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор албан хаагчтай Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг баримтлан Контракт байгуулан ажиллуулж болно.

4.14 Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлүүд болон энэхүү журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэл, хугацааг тодорхой заана.

4.15 Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хамгийн сүүлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг албаны даргад, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг албаны даргыг байлцуулан ажил авах хүнд (хэрэв ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн албаны даргад),  тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг нягтлан бодогчид танилцуулж эд хариуцагчид тус тус хүлээлгэн өгнө.

4.16 Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгнө.

4.17 Ажилтан албан хаагч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүний бичгээр гаргасан өргөдөл нь ажилтан өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, дуусгавар болгох үндэслэл болно.


Тав. Дотоод хяналт шалгалт, дэг журам 

 

  • Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг албаны хэмжээнд дарга, ахлах мэргэжилтэн тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

5.2 Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой болон бусад албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг чанд сахиж мөрдөх, ажлын эмх цэгц, соёлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангахдаа албаны баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, мөрдөнө.

  • Нийт албан хаагчид албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чин шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, албаны болон хувийн нууцыг хадгалах зарчмыг удирдлага болгоно.
  • Албан хаагчдын ажлын хэрэгцээнд ажлын өрөө бүрт суурин утас байх бөгөөд хэрэглээний хязгаарлалтыг албан хэрэгцээг харгалзан ялгавартай тогтооно.
  • Албаны хэмжээнд ажлын байранд дараах зүйлийг хориглоно:
  • Зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл (эд хогшил, техник хэрэгсэл гэх мэт) гадагш гаргах;.
  • Буу, зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах;
  • Албаны бус том хэмжээний хайрцаг, цүнх, сав, чемодан, бусад бараа, материал оруулах;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;
  • Ажлын байранд чанга ярих, согтууруулах ундаа хэрэглэх, зөвшөөрөгдөөгүй газарт тамхи татах.

5.6 Албаны хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийг Архивын тухай болон холбогдох хууль эрхзүйн дагуу бичиг хэрэг архив хариуцсан ажилтан эрхлэн хөтөлнө.

         5.7 Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа Албаны дарга, мэргэжилтэн, инженер нарт дараах зүйлсийг хориглоно.

5.7.1 Шударга өрсөлдөх нөхцлийг алдагдуулах;

  • 5.7.2 Хувийн ашиг сонирхолоо төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавих;
  • 5.7.3 Хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх;
  • 5.7.4 Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлтэд өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалаа урвуулан шууд буюу шууд бусаар хөндлөнгөөс нөлөөлөх,  дарамт шахалт үзүүлэх;
  • 5.7.5 Байгууллагын дотоод асуудал, ажил хэргийн талаар гадагш мэдээлэл  задруулах, байгууллагын нууц, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээллэх;
  • 5.7.6 Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;
  • 5.7.7 Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах;
  • 5.7.8 Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх 

         5.8 Нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах албан хаагчдын нэрсийн жагсаалтыг Албаны дарга байрны захиргаанд өгөх бөгөөд жагсаалтад нэр бичигдсэн албан хаагчдаас өөр хүмүүсийг  ажлын бус цагаар албан байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй.

        5.9 Албаны даргын тушаалаар баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоод хяналтыг зохион байгуулна.

                       

Зургаа. Албаны ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

үр дүнг тооцож дүгнэх, арга хэлбэр

 

6.1 Алба нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Албаны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь Төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн шууд захирагчтай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.

6.2 Алба жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр гаргаж ажиллах бөгөөд төлөвлөгөөг холбогдох орлогч даргаар батлуулна. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын баталсан журмын дагуу боловсруулж, батална.

6.3 Албаны санхүүгийн хагас ба бүтэн жилийн тайланд эрх бүхий байгууллагаас аудит хийж, дүгнэлт гаргаж байна.

6.4 Албаны албан ёсны хэвлэмэл мэдээллийг дарга, даргын эзгүйд ахлах мэргэжилтнээр хянуулан холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээнэ.

6.5 Албаны даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд албаны бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар албан тушаалтан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ярилцлага өгөх, сонин хэвлэлд нийтлэл бичихийг хориглоно.

6.6 Албаны бодлого, үйл ажиллагааны холбогдолтой нууцын зэрэглэлд хамаарахгүй мэдээ, мэдээлэл, албан ёсны баримт бичгийг дотоод, гадаадын хэрэглэгч нарт зориулан цахим сүлжээгээр (газрын цахим шуудангийн хаяг, цахим нэрийн хуудас зэргээр) түгээж байна.

6.7 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч /Дүүргийн засаг дарга/ -аас Төсвийн шууд захирагч /Албаны дарга / -тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг, Төсвийн шууд захирагч буюу албаны дарга нь  төрийн албан хаагчтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тус тус дүгнэнэ.

6.8 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнэхдээ Засгийн газраас баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам", "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ыг баримтална.

6.9 Энэ журмын 6.2 дугаар заалтыг хэрэгжүүлэхэд ахлах мэргэжилтэн хяналт тавьж ажиллана.

6.10 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу эрх бүхий байгууллагад саналаа хүргүүлнэ.                

         6.10.1 "Бүрэн хангалттай" үнэлгээ авсан бол төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох, төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас өмнө олгох, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах, цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтад хамруулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох

         6.10.2 “Хангалттай" үнэлгээ авсан бол цол, зэрэг дэвийг ахиулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;

         6.10.3 "Хангалтгүй" үнэлгээ авсан бол сургалтад хамруулах, албан тушаалын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах, төрийн албанаас халах хүртэл хуульд заасан арга хэмжээг авна.


Долоо.  Ажил, амралтын цагийн горим

 

         7.1 Ажлын цаг

         7.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу албан хаагчдын долоо хоногийн нийт ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.

         7.1.2 Амрах, хооллох, нийтийн засварлагаанаас гадна Хөдөлмөрийн хуулийн 103, 105, 106 дах хэсэгт заасны дагуу нярай хүүхэдтэй эхэд (ганц бие эцэгт) засварлагааны хугацааг хууль тогтоомжийн дагуу нэмж олгоно. Засварлагын хугацааг ажилласан цагт нь оруулж тооцно. Мөн хуулийн 104 дэх хэсэгт заасны дагуу ажилтан эхэд жирэмсэний ба амаржсаны амралт олгоно.

         7.1.3 Албан хаагчид ажилд ирэх, ажлаас тарахдаа хурууны хээгээр цаг бүртгэх аппаратад цагаа бүртгүүлнэ. Ажлын цагийн дундуур ажлаар гадуур явахдаа цагаа албаны даргад, эзгүй үед ахлах мэргэжилтэнд мэдэгдэх бөгөөд гадуур ажлаар явсан тэмдэглэлд бүртгүүлсэн байна.

         7.1.4 Албан хаагч ажилдаа ирэх, тарахдаа цагаа бүртгүүлээгүй тохиолдолд шалтгааныг тодруулж албан хаагчид анхааруулна.

         7.1.5 Ажлын цагийн ашиглалт бүртгэлийг ахлах мэргэжилтэн хариуцан биелэлтэд нь албаны дарга байнга хяналт тавьж ажлын цаг ашиглалтыг албан хаагч бүрээр сард нэг удаа ажлын нийт хоногоор тооцно.

         7.1.6 Албан хаагчийг нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр захиргааны санаачилгаар ажиллуулсан тохиолдолд ажилтныг нөхөн амруулах эсвэл ээлжийн амралттай нь хамтатган олгох асуудлыг албаны даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

7.2 Ээлжийн амралт

         7.2.1 Жил бүрийн ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд албан хаагчдын саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасныг баримтлан албаны даргын тушаалаар баталж, мөрдөнө.

         7.2.2 Ээлжийн амралтыг тухайн онд нь багтаан биеэр эдлүүлнэ.

         7.2.3 Албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 61.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил тухайн жилд багтаан олгож болно. Биеэр эдлээгүй ээлжийн амралтын хоногийг дараагийн жилд нөхөж амраахгүй.

        7.2.4 Шинээр ажилд орсон албан хаагч 6 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэнэ. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 9 сараас доошгүй байна.

       7.2.5 Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд ээлжийн амралтын тооцоог хийнэ.


Найм. Чөлөө ба томилолт


  • 8.1 Албан хаагчийн хүсэлтээр дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албаны даргын тушаалаар 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгож болно. Албан хаагчид чөлөө олгох нь ажилтны хөгжих дэвших нөхцөлийг хангах, ар гэрийн гачигдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Цалинтай чөлөөний хугацааг сунгахгүй
  • 8.1.1 Албан хаагчдын гэр бүл, төрөл садан (эцэг, эх, хадам эцэг эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд)-гийн хүн нас нөгчих буюу хүндээр өвчилсөн үед асарч сувилах, эмчилгээнд авч явах;

        8.1.2 Албан хаагч гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх, үр хүүхэд нь хурим  хийх;

8.1.3 Албан хаагчийн гэр бүл, гэр орон сууц нь байгалийн болон гэнэтийн аюулд нэрвэгдэх;

        8.1.4. Албан хаагч төрийн одон медалиар шагнагдах;

        8.1.5 Эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээнд хамрагдах

        8.1.6 Хүндэтгэн үзэх бусад нөхцөл

8.2 Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд цалингүй чөлөө олгож болно.

  •         8.3 Албан хаагч ажлын цагаар чөлөө авах бол 1-2 цагийн чөлөөг ахлах мэргэжилтэнд урьдчилан мэдэгдэж авна. Ахлах мэргэжилтэн сард нэг албан хаагчид нийт 8 хүртэлх цагийн чөлөө олгож болно.
  • 8.4 8 цаг болон түүнээс дээшхи хугацааны чөлөөг албаны даргын зөвшөөрлөөр чөлөөний хуудсаар олгоно.
  •          8.5 Албан хаагч удирдлагаас олгосон чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.
  •          8.6 Албан хаагч дотоод, гадаадын их, дээд сургуульд эчнээгээр суралцах, магистр, докторын ажил хийхээр чөлөө авах хүсэлт гаргасан бол ажлын боломж, нөхцлийг харгалзан 3 сар хүртэл хугацаагаар ажлаас нь чөлөөлж, албан тушаалын цалин хөлсийг олгож болно. Харин тухайн хугацаанд хоол, унааны хөнгөлөлт эдлэхгүй.

         8.7 Албан хаагч тэтгэлэгт төсөл хөтөлбөр, сургалтанд хамрагдаж буй тохиолдолд цалин олгохгүй.

       8.8 Нэг жил,түүнээс дээш хугацааны чөлөө хоорондын зай 3 жилээс багагүй  байна.

         8.9 Чөлөө олгох тушаалыг нөхөн гаргах, тушаал гараагүй байхад чөлөө эхлүүлэхийг хориглоно.

  •          8.10 Албан хаагчид олгосон чөлөөг ахлах мэргэжилтэн хүн нэг бүрээр сар тутам бүртгэж чөлөө олгосон шийдвэрийг санхүүгийн баримтанд хавсаргана.
  • Албан хаагчид ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээнд хамрагдах, гэр бүл дэх өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ /төрүүлсэн болон үрчлэн авсан эцэг эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, нөхөр, эхнэр, түүний эцэг, эх/  асрах, гэр бүлийн хүнээ дагаж гадаадад суух зэрэг шалтгааны улмаас нэг жил хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгож болно.      
  • Албан хаагчдын гадаад, дотоод томилолтын асуудлыг Албаны дарга, шаардлагатай тохиолдолд дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ. Томилолтоор ажиллах батлагдсан удирдамжийг үндэслэн томилолтын хуудсыг олгоно.
  • Томилолтоор явж ирсэн тухай бүр томилолтын хуудсаа хаалган, зардлын тооцоог ажлын 3 хоногт багтаан дуусгана.
  • Томилолтоор явагч томилолтоор ажилласан ажлын тайлангаа ажлын 5 хоногт багтаан албаны даргад тайлагнана.

Ес. Цалин хөлс, шагнал, урамшил, тэтгэмж тусламж

         9.1 Цалин хөлс

         9.1.1 Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалинг албаны даргын тушаалаар тогтоож олгоно.

         9.1.2 Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулàшгүй ажлыг илүү цагаар гүйцэтгэсэн бол удирдлагаас цагийн бүртгэлд тодорхойлсныг үндэслэн хуульд заасны дагуу илүү цагийн хөлсийг 2 хүртэл хувиар тооцож олгоно.

         9.1.3 Албан хаагчийн сарын нийт хоцролт 30 минутаас давсан тохиолдолд цалингаас суутгал хийнэ. Суутгал хийхдээ хоцорсон минутыг 100 төгрөгөөр тооцож үндсэн цалингаас суутгал хийнэ.

         9.1.4 Ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт явах, эмчлүүлэх болон бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухай албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 3 хүртэл сарын цалинг урьдчилгаа болгон олгож болно.

         9.1.5 Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан vvргээ тогтмол чанартай биелvvлж, ажлын өндөр амжилт гаргасан, төрийн албан хаагчийн ёс зvйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын болон албан хаагчийн нэр хvндийг эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлvvлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг байгууллагын зардлаар амралт, рашаан сувилалд амруулах, аялал жуучлалаар явуулах зэргээр урамшуулахын зэрэгцээ улирал бүр албаны даргын тушаалаар албан тушаалын цалингийн 40 хүртэл хувиар шагнаж урамшуулж болно.

         9.1.6 Жил бүр ажлын үр дүн, амжилтаараа бусдыгаа хошуучлан ажилласан нэг албан хаагчийг “Оны шилдэг ажилтан”-аар тодруулж мөнгөн шагнал олгоно.

        9.1.7 Мэргэжлийн холбоод болон МЗХ-с шагнагдсан тохиолдолд тухайн холбооноос гаргасан шагналын журмын дагуу шийдвэрлэнэ.

         9.1.8 Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал санаачилга гаргаж нэвтрүүлсэн албан хаагчийг мөнгөн шагнал олгож болно.

         9.1.9 Албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарах зэргээр ажил албанаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилласан хугацаа, ажлын үр бүтээлийг харгалзан албаны даргын тушаалаар  үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж болно.

         9.1.10 Энэ журмын 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9–д заасан нэг удаагийн мөнгөн шагналын хэмжээ болон шагналаар олгох эд зүйл, үнэ бүхий зүйлийн үнийн дүн нь ажилтны албан тушаалын 1,5 сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

         9.1.11 Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан мөнгөн урамшуулал олгох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйл, Засгийн газраас баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам” болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн албаны даргын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ.

         9.1.12 Сахилгын шийтгэлтэй албан хаагчид сахилгын шийтгэлийн хугацаа дуустал шагнал урамшуулал олгохгүй.

  • 9.2 Тусламж, тэтгэмж: ХААА-ны албан хаагчдад дараах тусламж тэтгэмжийг давхардуулахгүй олгоно.
  • 9.2.1 Төрийн албаны тухай хуулийн 46.1 болон 62.1.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг олгож болно.
  • 9.2.2 Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр 36 хүртлэх сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засгийн газрын баталсан журмын дагуу олгоно.

9.2.3 Албан хаагч хүнд өвчний улмаас магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд өргөдөл, материалыг үндэслэн Эрүүл мэндийн Сайдын баталсан журмын дагуу эмчилгээний гарсан зардлынх нь 60-аас доошгүй хувийн тусламжийг тооцож олгоно.

9.2.4 Албан хаагчийн гаргасан өргөдлийг судалж ажил хөдөлмөр эрхэлсэн байдал, амьдралын нөхцөл зэргийг харгалзан орон сууцаар хангах, орон сууцны нөхцлөө дээшлүүлэх, аминдаа орон сууц барих, гадаад дотоодын их дээд сургуульд суралцахад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мөнгөн болон хөнгөлт тусламж үзүүлнэ.

9.2.5 Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх/-ийн нас нөгчсөн тохиолдолд албан тушаалын нэг сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгоно.

9.2.6 Албан хаагч өөрөө эсвэл хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ 1 сараас дээш хугацаагаар асарч, халамжлах ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буцалтгүй мөнгөн тусламж олгоно.

9.2.7 Албан хаагчид гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчний шинжтэй /гал түймэр, үер ус, газар хөдлөлт, осол гэмтэл, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас сүйдсэн/ онцгой нөхцөл байдлын улмаас хохирсон тохиолдолд 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ.

9.2.8 Албан ажлын хэрэгцээнд унаа хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хувийн унаагаа хэрэглэсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дах хэсэгт заасны дагуу баримтаар нотлогдох зардлыг тооцож олгож болно.

          9.2.9 Албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжих зорилгоор тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж олгож болно

         9.2.10 Албан хаагч зуурдаар нас барвал ар гэрт нь эрхэлж байсан албан тушаалын 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

         9.2.11 ХААА-нд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон өндөр настан нас барахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

          9.2.12 Нийт ажилтнуудад жилд нэг удаа өвлийн бэлтгэлээ хангахад нь зориулж 200.000 төгрөгийн тусламж олгоно.

          9.2.13 Ажилтан шинээр гэр бүл болсон, шинээр хүүхэд төрсөн тохиолдолд тухайн албан хаагчийн 1 сар хүртлэх албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний, хүүхдүүд нь ерөнхий боловсрол, их дээд сургуульд элсэн орсон болон амжилттай төгссөн бол 300.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгоно.

          9.2.14 Албан хаагчдад хүүхдийн баяр болон шинэ жилийн баярыг тохиолдуулан жилд 2 удаа хүндэтгэл үзүүлж бэлэг өгнө. Мөн тус албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настанд жилд 2 удаа /Цагаан сар, Ахмадын өдөр/ хүндэтгэл үзүүлнэ.

          9.2.15 Албан хаагчдад хууль тогтоомжийн бусад актад заасан хөнгөлөлт нөхөх төлбөрийг олгоно.

Арав. Нийгмийн баталгааг хангах

            10.1 Төрийн албаны тухай хуулийн 61.1-т заасныг хэрэгжүүлэх, уг дотоод журмын 3.3.2-д заасан албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд албанд ажиллаж байгаа ажилтан албан хаагч нь өөрийн нийгмийн асуудалдаа  байгууллагаас дэмжлэг хүсэх эрхтэй бөгөөд дээд байгууллагаас олгосон хөрөнгөөс шалтгаалан албан хаагчдын нийгмийн асуудлыг, ажилд орсон хугацаа, өгсөн өргөдөл зэргийг харгалзан хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.  

            10.2 Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахдаа дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

                   10.2.1  Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах 

                   10.2.2  Амины орон сууц барих, худалдан авах

                   10.2.3  Орон сууцны нөхцлөө сайжруулах

                   10.2.4 Худалдан авах ажиллагааны албаны захиалгаар мэргэжил дээшлүүлэх курс, хэлний бэлтгэлээр гадаадад суралцах

          10.2.5 Худалдан авах ажиллагааны албаны дэмжлэгээр мэргэжил, боловсролоо дээшлүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх курс, дамжаа, дотоодын их, дээд сургуульд магистраас дээш зэрэг эзэмших  сургалтад хамрагдах

                             10.2.6 Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухайд, жилийн эхэнд төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ.

         10.2.7 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ авна;

                  10.2.8 Төрийн албаны тухай хууль, Сангийн сайдын тушаалын дагуу нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих зардлыг сар бүр бодож олгоно. Түүнчлэн албан хаагчдад олгох хоолны мөнгөний хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтоон сар бүр олгоно;

10.3 Энэхүү журмын 10.2.1-10.2.5-д заасан дэмжлэгийг хүсэх албан хаагч нь төрийн албанд 3-с дээш жил эсхүл тус албанд 2-оос доошгүй жил  тасралтгүй ажилласан байх,  ажилласан хугацаандаа эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, үнэнч шударга, санаачилгатай хандсан байх.

          10.4. Энэхүү журмын 10.2.1-10.2.5-д заасан дэмжлэгийн аль нэгэнд сүүлийн  2 жилд  хамрагдаагүй байх            

          10.5 Сахилгын арга хэмжээ авч байгаагүй болон сахилгын арга хэмжээний хугацаа дууссан байх

          10.6 Энэхүү журмын 10.2.1-10.2.3-т заасан дэмжлэг хүсэгч нь 10.3-10.5-д заасан ерөнхий шаардлагыг хангахын зэрэгцээ дараах тусгай шаардлагыг биелүүлсэн байна.

                   10.6.1 Урьд нь дүүрэг орон нутгаас орон байраар хангагдах болон ийм төрлийн тусламж хөнгөлөлт авч байгаагүй.

          10.6.2 Орон сууцны нөхцлөө  сайжруулах тохиолдолд өөрийн өмчлөлийн орон сууцтай байх

          10.7. Орон сууцны зээлд хамрагдах болон Амины орон сууц барихад дэмжлэг хүссэн, шалгуурт тэнцсэн албан хаагчдад тухайн үеийн орон сууцны зах зээлийн дундаж үнийн дүнгийн 20 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг тус албанд ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан олгоно.

          10.8 Орон сууцны нөхцлөө сайжруулахад дэмжлэг хүссэн албан хаагчдад 5-10 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг Худалдан авах ажиллагааны албанд ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан олгоно. Албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болгон жилд 1 хүнд тусламж олгохоор төсөвт тусгаж батлуулж байх.


          10.9. Энэхүү журмын 10.2.4-т заасан дэмжлэгийг хүсэгч 10.3-10.5-д заасан ерөнхий шаардлагуудыг хангасан байхаас гадна дараах тусгай шаардлагыг биелүүлсэн байна:

          10.9.1. Худалдан авах ажиллагааны албанд захиалгаар суралцах  сургуулийн урилга, эрхийн бичиг, явах онгоцны тийз, очоод амьдрах хаягийг тодорхой ирүүлсэн байна.

          10.9.2. Төгсөж ирээд 2,5-аас доошгүй жил Худалдан авах ажиллагааны албанд ажиллахаар гэрээ байгуулна.

          10.10. Худалдан авах ажиллагааны албаны захиалгаар гадаадад 6 сар хүртэл хугацаагаар  хэлний  бэлтгэл,   мэргэжил   дээшлүүлэх  сургалтад  хамрагдах  албан хаагчдад суралцах хугацааны зардлын 50-100 хувийг, Худалдан авах ажиллагааны албаны албан хаагчид мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх курс, сургалтанд хамрагдах зардлыг бүрэн, дотоодын их дээд сургуульд магистр, докторын зэрэгт суралцах зардлын 50 хувийг Худалдан авах ажиллагааны албанд ажилласан жил, ажлын үр дүн эзэмших зэрэг цолыг харгалзан олгоно.


Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

 

          11.1 Сахилгын зөрчил:

11.1.1 ХААА-ны хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад хууль, журам, дүрмийг зөрчсөн, биелүүлээгүй гэм буруутай үйлдийг сахилгын зөрчил гэж үзнэ.

11.2 Сахилгын зөрчилд ногдуулах шийтгэл:

11.2.1 Сануулах- Хамт олон үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдрийн ажил тасалсан, ажлаас удаа дараа хоцорсон, зөрчил дутагдал гаргасан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,

11.2.2 Хөдөлмөрийн хөлсийг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах- Сануулах арга хэмжээ авагдсан боловч засраагүй,

11.2.3 Ажлаас чөлөөлөх- Үндсэн цалинг бууруулан ажиллах хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр буюу түүнээс дээш ажлын өдрөөр ажил тасалсан, ажлын цагаар ажлын байранд архи уусан, хулгай хийсэн, байгууллага болон хувь хүний нууцыг гадагш задруулсан тохиолдолд.

         11.3 Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

         11.4 Сахилгын шийтгэлийг ахлах мэргэжилтний саналыг үндэслэн  албаны  даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг  хувийн хэрэгт хавсаргана.

         11.5 Сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзвэл ажилтан  хуульд зааснаар гомдол гаргах эрхтэй.

        11.6 Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулахгүй.

  11.7 Эд хөрөнгийн хариуцлага

         11.7.1 Албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван хоёр. Бусад зүйл

 

12.1. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах, авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилт  зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

12.2. Нийтийг хамарсан арга хэмжээ болон дотоод сургалт, мэдээллийн цагийг ажлын цагийн адил бүртгэнэ.

12.3. Энэхүү дотоод журмын тусламж тэтгэмж, урамшуулалтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг төлөвлөн, жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.