Ногоон худалдан авалт: Бүгд Найрамдах Солонгос Улс

Admin 2019.03.20

Ногоон худалдан авалт: Бүгд Найрамдах Солонгос Улс

БНСУ-ын Засгийн газрын Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтыг урамшуулах тухай хууль 2004 онд батлагдаж, 2005 оноос дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн байгууллага заавал эко бүтээгдэхүүн (eco-products) худалдан авах шаардлагатай болсон нь эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний төрлийг нэмэгдэхэд нөлөөлсөн байна.. Эко бүтээгдэхүүн гэж:

  • Солонгосын эко шошго (Korea Eco-Label certified products) бүхий бүтээгдэхүүн (тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой)
  • Сайн дахин боловсруулалтын оноо (Good Recycled Mark certified products) бүхий бүтээгдэхүүн (тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой)
  • Байгаль орчны яамнаас баталсан эко стандартын шаардлагуудыг хангасан бусад бүтээгдэхүүн

Одоогоор 8000 гаруй эко бүтээгдэхүүн албан ёсоор бүртгэлтэй байдаг юм байна.

Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтыг урамшуулах тухай хууль гарснаас хойш төрийн болон орон нутгийн байгууллага ногоон бүтээгдэхүүн худалдан аваад зогсохгүй томоохон аж ахуй нэгжүүдтэй сайн дурын худалдан авалтын гэрээ хийх болсноор 138 үлгэр дууриалал болохуйц компаниуд гэрээнд нэгдсэн байна. Энэхүү гэрээнд гэрээ хийсэн компани нь дотоод журамдаа ногоон худалдан авалт хийхийг тусгах ба эко бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө гаргах үүрэгтэй ба төрийн зүгээс эко бүтээгдэхүүний талаар мэдээллээр хангаж мөн эдгээр компаниудын үзүүлэлтийг нийтэд сурталчлах үүрэгтэй юм байна.

БНСУ-ын Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтыг урамшуулах тухай хуульд зааснаар зөвхөн дараах хэд хэдэн тохиолдолд ногоон худалдан авалт хийхгүй байж болохыг заасан байна: Үүнд

  1. Төлөвлөн авах гэж байгаа тухайн төрлийн бүтээгдэхүүн дотор ногоон бүтээгдэхүүн байдаггүй бол;
  2. Тухайн ногоон бүтээгдэхүүн нь тогтвортой нийлүүлэлтгүй бол;
  3. Газар нутгийн байршлаас шалтгаалан, эсвэл ногоон бүтээгдэхүүний чанар нь муугаас бүтээгдэхүүн худалдан авалтын зорилгодоо хүрэх боломжгүй бол;
  4. Хэрэв олон нийтийн байгууллагын удирдлага нь "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийн тухай" хууль гэх мэт хуулийн дагуу хөнгөлөлттэй худалдан авах хүсэлд нийцүүлэн ногоон бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн бол;
  5. Хэрэв олон нийтийн байгууллагын удирдлага нь зайлшгүй шалтгаан, яаралтай эрэлтийн улмаас ногоон бүтээгдэхүүн худалдан авахад хүндрэл учирсан бол.

Энэхүү хуульд зааснаар Байгаль орчны яамнаас Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтыг урамшуулах төлөвлөгөөг таван жил тутам гаргах ёстой ба бусад байгууллагуудад ногоон бүтээгдэхүүн худалдан авахад нь тус болохуйц ногоон бүтээгдэхүүний гарын авлага мөн ногоон бүтээгдэхүүнийг цахим хэлбэрээр худалдан авах вебсайт зэргийг гаргадаг байна. Уг хуулийн дагуу ногоон худалдан авалтыг хийсэн эсэхэд хяналт тавих үүднээс Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтын бүртгэлийг байгууллага бүр хийж, холбогдох дээд шатны удирдлага хянан шалгадаг байна. Ханган нийлүүлэлтийн ажилтнуудыг сургах, шинээр мэргэжилтэн бэлдэх, тэдний сургалтанд хамаарах бүх зардлыг улсаас хангах зэргийг тусгасан байдаг байна.

Мөн иргэдэд ногоон бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгох үүднээс "Ногоон амьдралыг өргөжүүлье" уриан дор төрөл бүрийн сургалт, семинар хийх, хэвлэлээр сурталчлах асуудлыг гаргахыг хуульчлан оруулсан. "Ногоон бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг үзүүлэх төв", ногоон бүтээгдэхүүн худалдаалах албан ёсны "ногоон дэлгүүр" байгуулах эрх олгох, ногоон бизнес эрхлэгч, ногоон худалдан авагч аж ахуй нэгж болон иргэдийг урамшуулах зэрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Төрийн байгууллагууд эко бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжилтийн тайлан гаргадаг. Орон нутгийн төрийн байгууллагуудад байгаль орчны давуу эрхийн санхүүгийн тусламж/татаас (preferential grants) олгодог. Солонгосын эко-бүтээгдэхүүний институт (Korea Eco-products Institute-KOECO) байгуулагдсан бөгөөд эко бүтээгдэхүүн, худалдан авалтын талаар мэдээллээр хангах, эко тодорхойлолт бэлтгэх болон төрийн албан хаагчдыг сургах үүрэгтэй.

Ногоон хэрэглээний сүлжээ (Green Consumer Network)-н дээр суурилан 1999 онд Солонгосын ногоон худалдан авалтын сүлжээ (Korean Green Purchasing Network-KGPN) байгуулагдсан. Ногоон худалдан авалтын гарын авлага боловсруулах, эко бүтээгдэхүүний каталог хэвлэх, түгээх, судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Улс орнуудын ногоон худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээллийг Олон улсын ногоон худалдан авалтын сүлжээ (InternationalGreen Purchasing Network-IGPN)-ний илтгэлээс авав. Дэлгэрэнгүйг www.igpn.org вебсайтаас харж болно.

                                                 

                                                 

             ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА