АЛБАНЫ ДОТООД ЖУРАМ

Admin 2018.10.05

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

 АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг  үндэслэл

 Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба /цаашид “алба” гэх/-ны дотоод журмын зорилго нь албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг жигд хангах, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль ба тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.

 Алба нь Хан-Уул Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дүүргийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, мэргэжил арга зүй, бодлогын удирдамжаар хангах, дотоод хяналт, шалгалт, аудитын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гаргах, эрх зүй, техник, зохион байгуулалтын талаар бодлого боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Алба нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврыг мөрдөж ажиллана. Албаны тамгыг албаны ахлах мэргэжилтэн түшинэ.

 Алба нь эрхэлсэн ажлын онцлогыг илэрхийлсэн бэлэгдэлтэй байж болно.

Энэхүү журмын хэрэгжилтийг Албаны ахлах мэргэжилтэн зохион байгуулж, гүйцэтгэлд Албаны дотоод аудитор хяналт тавих бөгөөд хэрэгжилтийн явцыг Албаны даргад танилцуулж байна.

Албаны нийт албан хаагчид төрийн үйлчилгээний үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай шуурхай хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.

 

Хоёр. Албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

 

2.1. Албаны дарга төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4 дэх хэсэгт заасны дагуу томилно. Шаардлагатай

гэж үзвэл ажилд авах албан хаагчаас тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ур чадварын болон комьпютер, хэлний мэдлэгээр шалгалт авч болно.


2.2. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид 1 жил хүртэл   туршилтын хугацаа тогтоож болно. Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан албан хаагчийг төрийн албаны тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгох бөгөөд мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг тухайн албан тушаалаас чөлөөлж болно.


2.3. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон ажилтан туршилтын хугацаа дуусмагц төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөнө.


2.4. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллуулах иргэнийг Албаны ахлах мэргэжилтэн судлаж, Албаны даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.


2.5. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд орох шаардлага хангасан иргэн Төрийн албаны тухай хуулийн дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

2.5.1.төрийн албан хаагчийн анкет;

2.5.2.боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.5.3.иргэний үнэмлэхний хуулбар; 

2.5.4.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.5.5.төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал(төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);

2.5.6.урьд нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

2.5.7.хувийн өргөдөл;

2.5.8.хөрөнгө орлогын мэдүүлгийг маягтын дагуу гаргаж өгөх;

2.5.9.цээж зураг 4 хувь(3x4).


2.6. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Худалдан авах ажиллагааны албанаас судлан танилцсаны үндсэн дээр Албаны даргын тушаалаар томилж чөлөөлнө. Алба нь төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг танилцуулсаны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай, эсхүл хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


2.7. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.


2.8. Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тусгана:

  

               2.8.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр;

               2.8.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

2.8.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалин, нэмэгдэл,      

         урамшууллын хэмжээ;

               2.8.4.хөдөлмөрийн нөхцөл;

               2.8.5.ажлын цаг;

               2.8.6.гэрээний хугацаа.


2.9. Албаны дарга шинээр томилогдсон ажилтанд хөдөлмөрийн дотоод журам, албаны үйл ажиллагаанд холбогдолтой хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, ажлын байр(албан тушаал)-ны тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээний журам, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулна.


2.10. Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна.


2.11. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож Төрийн албаны тухай хуулийн 22.2 дах хэсэгт заасны дагуу хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно.


2.12. Шаардлагатай тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.  


2.13. Гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор албан хаагчтай Контрактын гэрээ байгуулан ажиллуулж болно.


2.14. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ.


2.15. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хамгийн сүүлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг албаны даргад, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг албаны даргыг байлцуулан ажил авах хүнд (хэрэв ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн албаны даргад),  тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг нягтлан бодогчид танилцуулж няравд тус тус хүлээлгэн өгнө.


2.16. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгнө.

 

Гурав. Алба, ажилтны  эрх, үүрэг

 

3.1. Алба дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

3.1.1.албаны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ;

3.1.2.албан хаагчийг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах;

         3.1.3.албаны мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, түүний найдвартай ажиллагаа, үйлчилгээг хангаж ажиллах;

3.1.4.албан хаагчийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулж, дэмжлэг, туслалцаа үзүүлнэ;

         3.1.5.албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг     дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангах, өрөө тасалгааны  аятай тохитой байдлыг сайжруулах арга хэмжээ авна;

3.1.6.цалин хөлсийг хууль тогтоомж энэхүү журамд заасны дагуу тогтоох бөгөөд сард 2 удаа тогтоосон хугацаанд тавьж олгоно;

          3.1.7.хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж,  албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина;

3.1.8.албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна;

         3.1.9.албан хаагчдын ажлыг хагас жил, жилээр дүгнэх, шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэмж, тусламж, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, энэхүү журмын хүрээнд шийдвэрлэж байна;

3.1.10.байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана;

         3.1.11.нийтээр тэмдэглэх баяр ёслол болон албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухайн жилийн эхэнд төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2 жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ авна;

3.1.12.төрийн албаны тухай хуулийн 29.2, Сангийн сайдын 2006 оны 64 дүгээр тушаалын дагуу төрийн албан хаагчид албан томилолт, нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих зардлыг сар бүр бодож олгоно. Түүнчлэн албан хаагчдад олгох хоолны мөнгөний хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтоон сар бүр олгоно;

3.1.13.албаны дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.


3.2. Албаны  ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:


3.2.1.өргөсөн тангараг, хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу төрийн албан ажилд болон өөрийн ажлын чиг үүрэг, үйл ажиллагаанд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина;

3.2.2.ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана;

3.2.3.эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана;

3.2.4.албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байна;

3.2.5.эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгана;

3.2.6.хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас сэргийлэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ;

3.2.7.ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусадтай чанга дуугаар маргалдах, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байна;

3.2.8. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус

цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох,төрийн

        байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт

        болон хүйтэн зэвсэг,тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис,хэрэгслийг нэвтүүлэх,

        хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглоно.Зөрчсөн тохиолдолд уг журмын 12 

        дугаар зүйлд заасан хэсгийг хэрэглэнэ;


3.2.9. албан тасалгаандаа удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан бус хэргээр гадны хүн оруулах, байлгах, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;

3.2.10. байгууллагын өмч, эд хогшил, техник хэрэгсэл, материалын ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө;

3.2.11. ажлын байранд албан бус зориулалтын, ажилтанд зохимжгүй эсвэл бохир хувцастай ирэхийг цээрлэж, ажилдаа ирэх, үдэд завсарлах болон ажлын өдөр дуусахад өөрийн биеэр цаг бүртгэх аппаратанд хурууны хээгээр цагаа бүртгүүлж байна. Албан хаагч бүр төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн цэвэрхэн, төлөв түвшин харагдахуйц албан маягаар хувцаслана. Ажлын байранд этгээд сонин хэв маяг, чөлөөт загвараар хувцаслахыг хориглоно;

3.2.12. жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана;

          3.2.13. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгсэлээр хангуулах, дотоод, гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах эрх эдэлнэ;

         3.2.14. өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэж болно;

         3.2.15. албан ажлынхаа зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж болно;

                  3.2.16. төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт

        заасан ажиллах нөхцөл, баталгаагаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламжаар     

        хангагдана;

3.2.17. гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудсыг Албаны даргад бичиж өгнө;

3.2.18. авлигын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгнө.

                                                  

Дөрөв. Албаны ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

 

         4.1. Алба нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Албаны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь Төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.


         4.2. Алба жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр гаргаж ажиллах бөгөөд төлөвлөгөөг холбогдох орлогч даргаар батлуулна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмын дагуу боловсруулна.


         4.3. Албаны санхүүгийн хагас ба бүтэн жилийн тайланд дотоод аудит хийж  дүгнэлт гаргаж байна.


         4.4. Албаны албан ёсны хэвлэмэл мэдээллийг дарга, даргын эзгүйд ахлах мэргэжилтнээр хянуулан холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээнэ.


         4.5. Албаны даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд албаны бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар албан тушаалтан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ярилцлага өгөх, сонин хэвлэлд нийтлэл бичихийг хориглоно.


         4.6. Албаны бодлого, үйл ажиллагааны холбогдолтой нууцын зэрэглэлд хамаарахгүй мэдээ, мэдээлэл, албан ёсны баримт бичгийг дотоод, гадаадын хэрэглэгч нарт зориулан цахим сүлжээгээр (газрын цахим шуудангийн хаяг, цахим нэрийн хуудас зэргээр) түгээж байна.


Тав.Үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх, арга хэлбэр

 

         5.1. Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч /Дүүргийн засаг дарга/ -аас Төсвийн шууд захирагч /Албаны дарга / -тай байгуулсан үр дүнгийн гэрээг, Төсвийн шууд захирагч буюу албаны дарга нь  төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг тус тус дүгнэнэ.


         5.2. Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлөөс баталсан "Төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам", "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журам"-ыг баримтална.


         5.3. Үр дүнгийн гэрээний биелэлтэд, энэ журмын 6.2 дугаар заалтыг хэрэгжүүлэхэд ахлах мэргэжилтэн хяналт тавьж ажиллана.


         5.4. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу эрх бүхий байгууллагад саналаа тавина.

                 

                  5.4.1."А" буюу "маш сайн" үнэлгээ авсан бол албан тушаал дэвшүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас өмнө олгох, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах, цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтад хамруулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох;


                  5.4.2."В" буюу "сайн" үнэлгээ авсан бол одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах, дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны сургалтад хамруулах, төрийн жинхэнэ албан хаагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;


                  5.4.3."С" буюу "хангалттай" үнэлгээ авсан бол цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулах;


                  5.4.4."D" буюу "дутагдалтай" үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах, төрийн албан хаагчийн мэргэшлийн зэргийг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар, олгох сургалтад хамруулах;


                  5.4.5.хагас бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр хоёр удаа ”F” буюу "хангалтгүй" үнэлгээ авсан бол төрийн албанаас халах.

 

Зургаа.  Ажлын цаг, ээлжийн амралт

 

         6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу албан хаагчдийн долоо хоногийн нийт ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Үдийн завсарлага 12.00 - 13.00 цагийн хооронд байна.


         6.2. Амрах, хооллох, нийтийн засварлагаанаас гадна Хөдөлмөрийн хуулийн 103, 105, 106 дах хэсэгт заасны дагуу нярай хүүхэдтэй эхэд (ганц бие эцэгт) засварлагааны хугацааг хууль тогтоомжийн дагуу нэмж олгоно. Засварлагын хугацааг ажилласан цагт нь оруулж тооцно. Мөн хуулийн 104 дэх хэсэгт заасны дагуу ажилтан эхэд жирэмсэний ба амаржсаны амралт олгоно.


         6.3. Албан хаагчид ажилд ирэх, ажлаас тарахдаа хурууны хээгээр цаг бүртгэх аппаратад цагаа бүртгүүлнэ. Ажлын цагийн дундуур ажлаар гадуур явахдаа цагаа албаны даргад, эзгүй үед ахлах мэргэжилтэнд мэдэгдэх бөгөөд гадуур ажлаар явсан тэмдэглэлд бүртгүүлсэн байна.


         6.4. Албан хаагч ажилдаа ирэх, тарахдаа цагаа бүртгүүлээгүй тохиолдолд шалтгааныг тодруулж албан хаагчид анхааруулна.


         6.5. Ажлын цагийн ашиглалт бүртгэлийг ахлах мэргэжилтэн хариуцан биелэлтэд нь Албаны дарга байнга хяналт тавьж ажлын цаг ашиглалтыг албан хаагч бүрээр сард нэг удаа ажлын нийт хоногоор тооцно.


         6.6. Албан хаагчийг нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр захиргааны санаачилгаар ажиллуулсан тохиолдолд ажилтны нөхөн амруулах эсвэл ээлжийн амралттай нь хамтатган олгох асуудлыг Албаны даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.


         6.7. Жил бүрийн ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд албан хаагчдын саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасныг баримтлан Албаны даргын тушаалаар баталж мөрдөнө.


         6.8. Ээлжийн амралтыг тухайн онд нь багтаан эдлүүлнэ.


         6.9. Шинээр ажилд орсон албан хаагч 9 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэнэ. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна.


         6.10. Албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 31.4-д заасны дагуу түүнд албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил тухайн жилд багтаан олгож болно. Биеэр эдлээгүй ээлжийн амралтын хоногийг дараагийн жилд нөхөж амраахгүй.

 

Долоо. Дотоод хяналт шалгалт, дэг журам 

 

  • Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг албаны хэмжээнд Дотоод аудитор, ахлах мэргэжилтэн тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

  • Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой болон бусад албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг чанд сахиж мөрдөх, ажлын эмх цэгц, соёлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгах, аппаратын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангахдаа газрын баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах журмыг мөрдөнө.

  • Нийт албан хаагчид албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чин шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, албаны болон хувийн нууцыг хадгалах зарчмыг удирдлага болгоно.


  •  Албан хаагчдын гадаад, дотоод томилолтын асуудлыг Албаны дарга, шаардлагатай тохиолдолд дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ. Томилолтоор ажиллах батлагдсан удирдамжийг үндэслэн томилолтын хуудсыг олгоно. Томилолтоор явж ирсэн тухай бүр томилолтын хуудсаа хаалган, зардлын тооцоог ажлын 3 хоногт багтаан дуусгана.

  • Албан хаагчдын ажлын хэрэгцээнд ажлын өрөө бүрт суурин утас байх бөгөөд хэрэглээний хязгаарлалтыг албан хэрэгцээг харгалзан ялгавартай тогтооно.

  • Албаны хэмжээнд ажлын байранд дараах зүйлийг хориглоно:

  • зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл(эд хогшил, техник хэрэгсэл гэх мэт) гадагш гаргах;.
  • буу, зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах;
  • албаны бус том хэмжээний хайрцаг, цүнх, сав, чемодан, бусад бараа, материал оруулах;
  • согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;
  • ажлын байранд чанга ярих, согтууруулах ундаа хэрэглэх, зөвшөөрөгдөөгүй газарт тамхи татах.

          

         7.7. Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа Албаны дарга, мэргэжилтэн, инженер нарт дараах зүйлсийг хориглоно.


7.7.1.шударга өрсөлдөх нөхцлийг алдагдуулах;

  • 7.7.2.төрийн ашиг сонирхлоос дээгүүр хувийн ашиг сонирхолоо тавих;
  • 7.7.3.хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх;
  • 7.7.4.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлтэд өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалаа урвуулан шууд буюу шууд бусаар хөндлөнгөөс нөлөөлөх,  дарамт шахалт үзүүлэх;
  • 7.7.5.байгууллагын дотоод асуудал, ажил хэргийн талаар гадагш мэдээлэл  задруулах, байгууллагын нууц, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээ, мэдээллийг, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэх;
  • 7.7.6.албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;
  • 7.7.7.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах;
  • 7.7.8.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх.  

         7.8. Нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах албан хаагчдын нэрсийн жагсаалтыг Албаны дарга байрны захиргаанд өгөх бөгөөд жагсаалтад нэр бичигдсэн албан хаагчдаас өөр хүмүүсийг  ажлын бус цагаар албан байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй.


         7.9. Алба үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хүлээсэн үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа байдалд дотоод аудитор хяналт, шалгалт явуулж, дүгнэлт гарган, шаардлагатай тохиолдолд тухайн үед нь эрсдлийг багасгах арга хэмжээ авч, зөвлөмж өгөх эрхтэй байна.


        7.10. Албаны хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийг Архивын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу ахлах мэргэжилтэн эрхлэн хөтөлнө.


        7.11. Албаны даргын тушаалаар баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоод хяналтыг зохион байуулана.


Найм. Чөлөө олгох.


  • 8.1. Албан хаагчийн хүсэлтээр дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд Албаны даргын тушаалаар 5 хоногийн цалинтай чөлөө олгож болно.

  • 8.1.1.албан хаагчдын гэр бүл, төрөл садан (эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд)-гийн хүн нас нөгчих буюу хүндээр өвчилсөн үед асарч сувилах, эмчилгээнд авч явах;

                    8.1.2.албан хаагч гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх, үр хүүхэд нь хурим  хийх;

          8.1.3.албан хаагчийн гэр бүл, гэр орон сууц нь байгалийн гэнэтийн     аюулд нэрвэгдэх;

                    8.1.4.албан хаагч төрийн одон медалиар шагнагдах;


  • 8.2. Албан хаагч ажлын цагаар чөлөө авах бол 1-2 цагийн чөлөөг ахлах мэргэжилтэнд урьдчилан мэдэгдэж авна. Ахлах мэргэжилтэн сард нэг албан хаагчид нийт 4 хүртэлх цагийн чөлөө олгож болно.

  • 8.3. 4 цаг болон түүнээс дээшхи хугацааны чөлөөг албаны даргын зөвшөөрлөөр чөлөөний хуудсаар олгоно.

  •          8.4. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд цалингүй чөлөө олгож болно.

  •          8.5. Албан хаагч удирдлагаас олгосон чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.

  •          8.6. Албан хаагч дотоод, гадаадын их, дээд сургууль, академид эчнээгээр суралцах, магистр, докторын ажил хийхээр чөлөө авах хүсэлт гаргасан бол ажлын боломж, нөхцлийг харгалзан 3 сар хүртэл хугацаагаар ажлаас нь чөлөөлж, албан тушаалын цалин хөлсийг олгоно. Харин тухайн хугацаанд хоол, унааны хөнгөлөлт эдлэхгүй.

  •          8.7. Албан хаагчид олгосон чөлөөг ахлах мэргэжилтэн хүн нэг бүрээр сар тутам бүртгэж чөлөө олгосон шийдвэрийг санхүүгийн баримтанд хавсаргана.

 

Ес. Цалин хөлс, шагнал, урамшил.

 

         9.1. Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалинг Албаны даргын тушаалаар тогтоож олгоно.


         9.2. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Албаны цалингийн санд багтаан ажилтнуудад албан тушаалын цалин дээр төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэрэг нэмэгдэл цалин олгож болно.


         9.3. Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулàшгүй ажлыг илүү цагаар гүйцэтгэсэн бол удирдлагаас нь цагийн бүртгэлд тодорхойлсныг үндэслэн хуульд заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 хүртэл хувиар тооцож олгоно.


         9.4. Албан хаагчийн сарын нийт хоцролт 30 минутаас давсан тохиолдолд цалингаас суутгал хийнэ. Суутгал хийхдээ хоцорсон минутыг 100 төгрөгөөр тооцож үндсэн цалингаас суутгал хийнэ.


         9.5. Ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт явах, эмчлүүлэх болсон бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухай албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 3 хүртэл сарын цалинг урьдчилгаа болгон олгож болно.


         9.6. Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан vvргээ тогтмол чанартай биелvvлж, ажлын өндөр амжилт гаргасан, төрийн албан хаагчийн ёс зvйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын болон албан хаагчийн нэр хvндийг эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлvvлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг байгууллагын зардлаар амралт, рашаан сувилалд амруулах, аялал жуучлалаар явуулах зэргээр урамшуулахын зэрэгцээ салбарын болон төрийн дээд шагналаар шагнуулахаар байгуулагаас тодорхойлж дээд шатны байгууллагад уламжилна.


         9.7.  Жил бүр ажлын үр дүн, амжилтаараа бусдыгаа хошуучлан ажилласан нэг албан хаагчийг “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр тодруулж мөнгөн шагнал олгоно.


        9.8.  Монголын залуучуудын холбоо болон бусад мэргэжлийн холбоодоос шагнагдсан тохиолдолд тухайн холбооноос гаргасан шагналын журмын дагуу шийдвэрлэнэ.


         9.9. Албан хаагч нь өөр байгууллагад шилжин ажиллах, өндөр насны тэтгэвэрт гарах зэргээр ажил албанаасаа чөлөөлөгдөх тохиолдолд тэдгээрийн ажилласан хугацаа, ажлын үр бүтээлийг харгалзан Албаны даргын тушаалаар  үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж болно.


         9.10. 9.7, 9.8, 9.9–д заасан нэг удаагийн мөнгөн шагналын хэмжээ болон шагналаар олгох эд зүйл, үнэ бүхий зүйлийн үнийн дүн нь ажилтны албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

         9.11. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан мөнгөн урамшуулал олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Албаны даргын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ.

  •  
  • Арав. Тусламж,  тэтгэмж,  нөхөх төлбөр.


  • 10.1. Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг олгож болно.

  • 10.2. Төрийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засгийн газрын тогтоолын дагуу олгоно.

  • 10.3. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж бодож олгоно.

10.4. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлсэн албан хаагчид өргөдөл, бүрдүүлсэн материалыг үндэслэн Эрүүл мэндийн Сайдын баталсан журмын дагуу эмчилгээний гарсан зардлынх нь 60-аас доошгүй хувийн тусламжийг тооцож олгоно.


10.5. Албан хаагчийн гаргасан өргөдлийг судалж ажил хөдөлмөр эрхэлсэн байдал, амьдралын нөхцөл зэргийг харгалзан орон сууцаар хангах, орон сууцны нөхцлөө дээшлүүлэх, аминдаа орон сууц барих, гадаад дотоодын их дээд сургуульд суралцахад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мөнгөн болон хөнгөлт тусламж үзүүлнэ.


10.6. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх/-ийн нас нөгчсөн тохиолдолд албан тушаалын нэг сарын цалинтай тэнцэхүйц, гэр бүлийн гишүүн эсвэл өөрөө удаан хугацаагаар буюу 14 хоногоос дээш хугацаагаар өвдвөл 300.000 төгрөг хүртэл тэтгэмж олгоно.


10.7. Албан хаагчийн гэр, орон нь гал түймэр, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас сүйдсэн бол Төрийн албаны хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасныг үндэслэн ажилтны албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж болно.


10.8. Албан ажлын хэрэгцээнд унаа хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хувийн унаагаа хэрэглэсэн тохиолдолд Төрийн албан хуулийн 29 дүгээр 29.2.2 –т заасны дагуу баримтаар нотлогдох зардлыг тооцож олгоно.


          10.9. Албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжих зорилгоор тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж олгоно.


         10.10. Албан хаагч зуурдаар нас барвал ар гэрт нь эрхэлж байсан албан тушаалын 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.


          10.11. Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр(нөхөр)-ийн төрсөн нутагт зорчих бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд очих, ирэх замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.


          10.12. Нийт ажилтнуудад жилд нэг удаа өвлийн бэлтгэлээ хангахад нь зориулж 200.000 төгрөгийн тусламж олгоно.


          10.13. Ажилтан шинээр гэр бүл болсон тохиолдолд 300.000 төгрөг, шинээр хүүхэд төрсөн тохиолдолд 300.000 төгрөг, хүүхдүүд нь ерөнхий боловсрол, их дээд сургуульд суралцах хугацаанд нэг удаа 100.000 төгрөгийг тус тус олгоно. Албан хаагчдад хүүхдийн баяр болон шинэ жилийн баярыг тохиолдуулан жилд 2 удаа хүндэтгэл үзүүлж бэлэг өгнө.


Арван нэг. Нийгмийн баталгааг хангах

 

            11.1. Төрийн албаны тухай хуулийн 27.1, 27.2-т заасныг хэрэгжүүлэх, уг дотоод журмын 3.1.8-д заасан албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд албанд ажиллаж байгаа ажилтан албан хаагч нь өөрийн нийгмийн асуудалдаа  байгууллагаас дэмжлэг хүсэх эрхтэй бөгөөд дээд байгууллагаас олгосон хөрөнгөөс шалтгаалан албан хаагчдын нийгмийн асуудлыг, ажилд орсон хугацаа, өгсөн өргөдөл зэргийг харгалзан хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


            11.2. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахдаа дараах таван чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

                   11.2.1.  Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах 

                   11.2.2.  Амины орон сууц барих, худалдан авах

                   11.2.3.  Орон сууцны нөхцлөө сайжруулах

          11.2.4. Худалдан авах ажиллагааны албаны захиалгаар мэргэжил  дээшлүүлэх курс, хэлний бэлтгэлээр гадаадад суралцах

          11.2.5. Худалдан авах албаны дэмжлэгээр мэргэжил, боловсролоо дээшлүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх курс, дамжаа, дотоодын их, дээд сургуульд магистраас дээш зэрэг эзэмших  сургалтад хамрагдах


          11.3. Тус албанд 2-оос доошгүй жил  тасралтгүй ажилласан байх,  ажилласан хугацаандаа эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, үнэнч шударга бүтээлч санаачилгатай хандсан байх.


          11.4. 11.2.1-11.2.5-д заасан дэмжлэгийн аль нэгэнд сүүлийн  2 жилд  хамрагдаагүй.


          11.5. Сахилгын арга хэмжээ авч байгаагүй болон сахилгын арга хэмжээний хугацаа дууссан байх.


          11.6. 11.2.1-.11.2.3-т заасан дэмжлэг хүсэгч 11.3-11.5-д заасан ерөнхий шаардлагыг хангасан байхын зэрэгцээ дараах тусгай шаардлагыг биелүүлсэн байна.


                   11.6.1.  Урьд нь дүүргээс үнэгүй орон байраар хангагдаж байгаагүй.

          11.6.2. Өөрийн өмчлөлийн орон сууцтай.   /Орон сууцны нөхцлөө  сайжруулах тохиолдолд/

          11.7. Орон сууцны зээлд хамрагдах болон Амины орон сууц барихад дэмжлэг хүссэн, шалгуурт тэнцсэн албан хаагчдад тухайн үеийн орон сууцны зах зээлийн дундаж үнийн дүнгийн 20 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг тус албанд ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан олгоно.

          11.8. Орон сууцны нөхцлөө сайжруулахад дэмжлэг хүссэн албан хаагчдад 5-10 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг Худалдан авах ажиллагааны албанд ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан олгоно.


          11.9. 11.2.4-т заасан дэмжлэгийг хүсэгч 11.3-11.5-д заасан ерөнхий шаардлагуудыг хангасан байхын зэрэгцээ дараах тусгай шаардлагыг биелүүлсэн байна.

          11.9.1. Худалдан авах ажиллагааны албанд захиалгаар суралцах  сургуулийн урилга, эрхийн бичиг, явах онгоцны тийз, очоод амьдрах хаягийг тодорхой ирүүлсэн байна.

          11.9.2. Төгсөж ирээд 3-аас доошгүй жил Худалдан авах ажиллагааны албанд ажиллана. /Гэрээ байгуулна./


          11.10. Худалдан авах ажиллагааны албаны захиалгаар гадаадад 6 сар хүртэл хугацаагаар  хэлний  бэлтгэл,   мэргэжил   дээшлүүлэх  сургалтад  хамрагдах  албан хаагчдад суралцах хугацааны зардлын 50-100 хувийг, Төрийн болон Худалдан авах ажиллагааны албанд мэргэжил дээшлүүлэх курс, сургалтанд хамрагдах зардлыг бүрэн, дотоодод их дээд сургуульд суралцах зардлын 50-100 хувийг Худалдан авах ажиллагааны албанд ажилласан жил, ажлын үр дүн эзэмших зэрэг цолыг харгалзан олгоно.


          11.11. Энэхүү журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан албан хаагчийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхдээ Худалдан авах ажиллагааны албанд ажилласан жил, ажлын үр дүнг гол үзүүлэлт болгон шийдвэрлэнэ.


Арван хоёр. Сахилгын шийтгэл ногдуулах

 

          12.1. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заагдсан буюу тогтоогдсон үүрэг заавар журмыг зөрчсөн, биелүүлээгүй гэм буруутай үйлдийг сахилгын зөрчил гэж үзэж дараах байдлаар ноогдуулна.


12.1.1 Сануулах- Хамт олон үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан, ажил тасалсан, ажлаас удаа дараа хоцорсон, зөрчил дутагдал гаргасан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,

12.1.2. Сахилгын шийтгэл- Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар хасах - Сануулах арга хэмжээ авагдсан боловч засраагүй,

12.1.3. Ажлаас халах- Үндсэн цалинг бууруулан ажиллах хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр бүтэн нэг өдөр буюу түүнээс дээш ажлын өдрөөр ажил тасалж, энэ хугацаанд  албаны  хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирсан нь тогтоогдсон, ажлын цагаар ажлын байранд архи уусан хулгай хийсэн, байгууллага болон хувь хүний нууцийг гадагш задруулсан тохиолдолд.


         12.2. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.


         12.3. Сахилгын шийтгэлийг ахлах мэргэжилтний саналыг үндэслэн  албаны  даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг  хувийн хэрэгт хавсаргана.


         12.4. Албан хаагчдад сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байхад шагнал урамшуулал олгохгүй.


         12.5. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван гурав. Бусад зүйл


13.1. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах, авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилт  зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.


13.2. Нийтийг хамарсан арга хэмжээ болон дотоод сургалт, мэдээллийн цагийг ажлын цагийн адил бүртгэнэ.


13.3. Энэхүү дотоод журмыг судлах боломжоор төрийн албан хаагчдыг хангана.


---- оОо ----