ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ

Admin 2018.08.28

                          2018 оны 03 сарын 30 өдөр 

                                                  

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ  ОЛГОХ АРГАЧЛАЛ

  

Нэг. Нийтлэг зүйл


1.1.Энэхүү аргачлалын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу тендерт оролцогчид давуу эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерт давуу эрх тооцно.

1.3.Захиалагч тендерт оролцогчид давуу эрх олгохдоо энэхүү аргачлалыг мөрдөнө.

1.4.Захиалагч тендерийн баримт бичигт давуу эрх олгохоор заасан бол давуу эрх олгоход шаардлагатай нотлох баримт ирүүлэхийг заавал тусгана.

          

Хоёр. Бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох

   

2.1. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

2.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а)  А ангилал - Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (тендерт оролцогч Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг нотлох баримт ирүүлсэн байна);

б)  Б ангилал - Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон тендер эсхүл импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.

        2.2. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

 2.2.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а)  А ангилал - Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр санал болгосон тендер (тендерт оролцогч тухайн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, материал болохыг нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Бусад.

2.3. А ангиллын тендерүүдийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнэ эсхүл орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг санал болгосон барааны хэсгийн үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

2.4.Энэхүү аргачлалын 2.3-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

                   

Гурав. Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох

 

3.1. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.7 дахь заалтуудад заасан этгээд /цаашид “дотоодын гүйцэтгэгч” гэх/-д хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

        3.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:

а)  А ангилал - Давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер (тендерт оролцогч дотоодын гүйцэтгэгч болох нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дэх хэсэгт заасан шалгуур хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

в) В ангилал - Бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

3.2. А болон Б ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан В ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

3.3. Энэхүү аргачлалын 3.2-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А болон Б ангиллын тендерийн харьцуулах үнэ нь В ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

3.4. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.

3.5. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

3.5.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а) А ангилал - Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авахаар  санал болгосон тендер (тендерт оролцогч тухайн орон нутгаас ажиллах хүчин авахыг нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Бусад.

3.6. А ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

3.7. Энэхүү аргачлалын 3.6-д заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

3.8. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал болгосон барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.

3.9. Хэрэв тендер шалгаруулалтад дотоодын болон гадаадын тендерт оролцогч нар нь түншлэл болон оролцож байгаа тохиолдолд дараахь шаардлагыг хангасан бол давуу эрх олгоно. Үүнд:

3.9.1. Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь хуулийн 10.1.2.а болон 10.1.2.б –д заасан шаардлагыг бие даан хангаж байх(энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг “дотоодын түнш(үүд)” гэх);

3.9.2. Дотоодын түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас доошгүй хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд  захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

3.9.3. Гэрээний үнийн 50-иас доошгүй үнийн дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш(үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

                    

Дөрөв. Бусад


4.1. Захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ давуу эрхийн зөрүү тооцсон бол энэ тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайланд тусгана.